2020 оны 11 сарын 23 7:23 am минут.

     Гэр бүл, хүүхэд, залуучуудын сайн сайхны төлөө хамтран ажилладаг байгууллага, хамт олон, иргэд хүүхэд залуучууд та бүхэндээ Говьсүмбэр аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын хамт олны чин сэтгэлийн халуун мэндчилгээг хүргэж байна.

Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар нь үндсэн чиг үүргийнхээ хүрээнд орон нутгийн түвшинд гэр бүлийн хөгжил, тогтвортой хөгжлийг дэмжих, амьдралын чанарыг сайжруулах болон хүүхдийн эрх хөгжил хамгаалал, залуучуудын хөгжил, нийгмийн оролцоог дэмжихэд чиглэсэн хууль тогтоомжуудыг биелүүлэхийн төлөө хамтын ажиллагаа түншлэлийг эрхэмлэн төр болон төрийн бус, олон улсын байгууллагатай идэвхтэй хамтран ажиллаж байна. Говьсүмбэр аймаг нь 17489 хүн амтай нийт хүн амын 37.8 хувийг 0-16 насны хүүхэд, 57.5 хувийг 16-59 насны хүмүүс, 4.6 хувийг 60 ба түүнээс дээш насны хүмүүс эзэлж байна. Үүнээс 15-34 насны залуучууд 5687 буюу нийт хүн амын 32.5 хувийг хүүхэд, залуучууд эзэлж байгаа нь манай аймаг хүн амын насжилтын хувьд харьцангуй   “ЗАЛУУ АЙМАГ” гэдгийг илтгэж байна. Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн 3.4-т “Залуучуудын хөгжих, суралцах, хөдөлмөр эрхлэх таатай орчин нөхцлөөр хангах үүднээс залуучуудын хөгжлийн чиглэлээр холбогдох арга хэмжээ авч хэрэгжүүлнэ” гэсэн  заалтын хүрээнд 2016 оны Засгийн Газрын бүтцэд УИХ-ийн 45-р тогтоолоор “Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар” Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлагийг бий болгосон.

Монгол улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлал 2030, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр (2016-2020)-т хүүхдийн хөгжил хамгаалал, эрүүл мэнд, боловсролын талаар дэвшүүлсэн зорилтыг хэрэгжүүлэхийн тулд Монгол улсын засгийн газрын тогтоолоор 2017 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр “Хүүхдийн хөгжил хамгааллын үндэсний хөтөлбөр” батлагдан хэрэгжиж байна. Аймгийн Засаг даргын 2017 оны 01 дүгээр сарын 31-ны өдрийн A/29 тоот захирамжаар аймгийн “Хүүхдийн төлөө зөвлөл” шинэчлэн батлагдаж, 2018-2019 онд тус зөвлөлөөр “Хүүхдийн хөгжил хамгааллын хөтөлбөр”-ийг батлуулан салбар дундын уялдаа холбоог ханган ажиллаж, хөтөлбөрийг бүрэн хэрэгжүүлсэн байна. Энэхүү баримт бичгийн суурь зарчимд тулгуурлан 2017 онд “Залуучуудын хөгжлийг дэмжих тухай хууль”  батлагдаж, Монгол улсад анх удаа залуучуудын хөгжил оролцоог дэмжих эрх зүйн  үндсийг бий болсон ба тус хууль 2018 оны 1 дүгээр сарын 1-ны өдрөөс эхлэн хэрэгжиж байна. Хуулийн хамрах хүрээнд багтаж буй залуу хүн бүрийг энэ хуулийн дагуу эрүүл мэнд, боловсрол, соёл урлаг, спорт, шинжлэх ухаан, хөдөлмөр эрхлэлт, аюулгүй амьдрах орчин, хувь хүний хөгжил, оролцоозэрэг бүхий л чиглэлээр дэмжих бодлого чиглэл тодорхой болсон.

Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын даргын 2018 оны А/07 дугаар тушаалаар “Залуучуудын хөгжлийн төв”-ийн үйл ажиллагааны дүрэм батлагдаж залуучуудруу чиглэсэн амьдрах ухааны сургалт сурталчилгаа, соён гэгээрүүлэх нөлөөллийн ажлыг тогтмол зохион байгуулж байна. 2018 онд аймгийн хэмжээнд нийт 11 дэд хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр Засаг даргын захирамж гарснаас Аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын Тэргүүлэгчдийн 2019 оны 18 дугаар хурлаар “Залуучуудын хөгжлийг дэмжих дэд хөтөлбөр”-ийг “Оюунлаг залуу хүн”, “Хөдөлмөрч залуу хүн”, “Эрүүл залуу хүн”, “Оролцоотой залуу хүн” гэсэн 4 зорилтын хүрээнд 7 арга хэмжээг хэрэгжүүлэхээр батлуулж, хөтөлбөрийн хэрэгжилтийг бүрэн ханган ажилласан. Мөн залуучуудын хөгжлийг дэмжих салбар дундын үйл ажиллагааг орон нутгийн түвшинд уялдуулан зохицуулах, нэгдсэн удирдлагаар хангах чиг үүрэг бүхий орон тооны бус зөвлөл Аймгийн Засаг даргын 2018 оны 3 дугаар сарын 12-ны A/84  тоот захирамжаар Аймгийн Засаг даргаар ахлуулсан “Залуучуудын хөгжлийн салбар зөвлөл” 17 хүний  бүрэлдэхүүнтэйгээр мөн сум бүрт сумдын засаг даргаар ахлуулсан залуучуудын хөгжлийн салбар зөвлөл байгуулагдан чиг үүргээ хэрэгжүүлж байна. MУ-ын Засгийн газрын “Байгууллагын дэргэд эцэг эхийн зөвлөл байгуулах” тухай 2018 оны 05 дугаар тогтоолын хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд аймгийн нийт төрийн болон ТББ-ын нийт 38 байгууллага эцэг эхийн зөвлөлөө байгуулан байгууллагын харъяаны эцэг эхчүүдэээ чадавхижуулан ажиллаж байна.

2019-2020 оныг “Хүүхдийн хөгжил, хамгааллын жил” болгох Монгол Улсын Ерөнхийлөгчийн 60 дугаар зарлиг гарч “Хүүхдийн хөгжил, хамгааллын жил”-ийн хүрээнд хүүхдийн эрхийг хүндэтгэх, хамгаалал нэн шаардлагатай хүүхдэд хамгааллын үйлчилгээг үзүүлэх, эрсдэлтэй нөхцөлд амьдарч байгаа хүүхдэд туслах, хүүхдийн эрх зөрчигдөхөөс урьдчилан сэргийлэх чиглэлд идэвх санаачилга гаргаж ажиллахыг ард иргэддээ уриалсан. Өнөөдөр Говьсүмбэр аймагт хүүхдийн эрхийг хангах 3 сум, 6 багийн Засаг даргаар ахлуулсан 3 Хамтарсан баг,  Аймгийн  Засаг даргаар ахлуулсан Хүүхдийн төлөө зөвлөл, хууль зүйн салбарын үүрэг хүлээгч талууд болох аймгийн хүүхдийн эрхийн Хууль зүйн хорооны хамтын ажиллага сайжирч, хүүхэд бүрийг гэр бүлдээ амар тайван амьдарч, эрүүл аюулгүй орчинд сурч, хөгжих эрхийг нь хангаж өгөх бүхий л боломжийг бүрдүүлэхийн төлөө хүчээл зүтгэл гарган ажиллаж байгаа үүрэг хүлээгч нартаа талархаж байгаагаа илэрхийлье.

Бид МУ-ын ЗГ-ын хэрэгжүүлэгч агентлаг ГБХЗХГ-ын даргатай байгуулсан гүйцэтгэлийн  төлөвлөгөө, Аймгийн засаг даргатай байгуулсан гүйцэтгэлийн төлөвлөгөөг сүүлийн жилүүдэд “ХАНГАЛТТАЙ САЙН” дүгнүүлсэн амжилттайгаар 2019 оноо үдэж,  Хамтдаа гэрэл гэгээтэй нийгмийн аз жаргалтай хүүхдүүд, эрч хүчтэй залуус, тогтвортой гэр бүлийг бий болгож чадна гэдэгтээ итгэлтэй байна. Аймгийн нийт гэр бүл, хүүхэд, залуучууд та бүхэн маань 2020 ондоо аз жаргалтай амьдрал, сайн сайхан ирээдүйг өөрсдөө бүтээхийн төлөө санал санаачилгаа нэгтгэн бүтээлчээр ажиллаж амьдрахыг уриалж байна.

АЛСЫН ХАРАА, ХИЛ ХЯЗГААРАА ТЭЛЖ, БҮХ ЗҮЙЛД ГЭРЭЛ ГЭГЭЭ БОЛЖ ТҮҮЧЭЭЛЦГЭЭЕ
ХҮНДЭТГЭСЭН ГЭР БҮЛ,  ХҮҮХЭД, ЗАЛУУЧУУДЫН ХӨГЖЛИЙН ГАЗРЫН ДАРГА Ц. ОЮУНБИЛЭГ