2020 оны 11 сарын 26 3:36 pm минут.

Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн хэлтсийн 01-р сарын үйл ажиллагааны тайлан

Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн хэлтсийн 1-р сарын үйл ажиллагааны тайлан

Хүүхдийн эрх хамгааллын чиглэлээр:

ХҮҮХЭД ХАРАХ ҮЙЛЧИЛГЭЭ-ний тухай хуулийг 2016 оны 01-р сарын 01-ний өдрөөс мөрдөж эхэлсэн ба аймгийн Хүүхэд гэр бүлийн хөгжлийн хэлтэс холбогдох мэдээллийг сумдын ЗДТГ, багийн Засаг дарга, нийгмийн ажилтан, нийгмийн бодлогын асуудал хариуцсан мэргэжилтэн, сумын иргэд, Шивээ-Овоо өртөөний дарга нар болон нийт 35 алба хаагчдад хүргэсэн төдийгүй орон нутгийн хүрээнд сургуулийн өмнөх боловсролын гадна байгаа 2-5 насны бага насны хүүхдийг эрүүл, аюулгүй орчинд асран халамжлах, хамгаалах,, хооллох, тоглуулах, амраах үйлчилгээ үзүүлэх зорилгоор Хүүхэд харах үйлчилгээ-ний тусгай 40 цагийн сургалтыг 5 чадамж (бага насны хүүхдийн эрх хамгаалал, хөгжил, хоол, хүнс тэжээл, эрүүл ахуй, хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй ажиллах арга зүй)-ийн хүрээнд 2016 оны 01-р сарын 05-09-ний хооронд зохион байгууллаа. Тус сургалтанд нийт 11 иргэн хамрагдсан ба Шивээговь сумаас 6, Баянтал сумаас 1, Сүмбэр сумаас 4 иргэн тус тус хамрагдаж шалгалтаа өгч тэнцэн “Хүүхэд харах үйлчилгээ”-ний гэрчилгээгээ гардан авсан.

Хүүхдийг нийгмийн бүхий л хүрээнд бүх хэлбэрийн хүчирхийллээс ангид байлгахад Орон нутагт хүүхэд хамгааллын тогтолцоог бэхжүүлэх, үйл ажиллагааг жигдрүүлэх, хамтарсан багийн кейс үйлчилгээг чанаржуулах, архины хамааралтай, хүчирхийллийн харилцаатай өрхүүдтэй хамтарсан багийн гишүүд хэрхэн ажиллах, хүүхэд хамгааллын хариу үйлчилгээг хэрхэн үзүүлэх талаарх багийн гишүүдийн арга зүйг нэмэгдүүлэх зорилгын хүрээнд 2016 оны 01-р сарын 21,22-ны өдрүүдэд Дэлхийн Зөн Бор-Өндөр ОНХХ-1-тэй хамтран хүүхэд хамгааллын хамтарсан багийн сургалтыг зохион байгуулж Хүүхдийн эрхийн сургалт, судалгааны хүрээлэнгийн захирал, Б.Жавзанхүү, Монголын Хүүхдийн эрхий төвийн тэргүүн П.Цэвээн нар тусгай хөтөлбөрийн дагуу удирдан явууллаа.

Сургалтын үр дүн: Тус сургалтыг дадлага ажил, онол хослуулан зохион байгуулсан ба шинэчлэгдэн гарч буй Хүүхэд хамгааллын тухай хууль, хүүхдийн эрхийн тухай хуулийн төсөл, Хүүхдийн эсрэг хүчирхийлэлийн илрүүлэлт, кейс үйлчилгээний талаар болон шинжээчийн дүгнэлтийг хэрхэн яаж хийх зэрэг шинэ мэдлэгтэй болсон. /57 хүн хамруулсан/

Сүмбэр сумын 3-р багийн иргэн Ү нь гэр бүлийн хүчирхийлэлд хүүхдийнхээ хамтаар удаа дараа орж байна гэсэн мэдээллийг өөрийн биеэр ирж өгсөн. Мэдээллийн мөрөөр гэр бүлийнх нь хүнтэй уулзаж зөвлөгөө өгсөн ба мөн хүүхдийн эрхийг хангах, хамгаалах зорилгоор цагдаагийн байгууллагад мэдэгдэж хүүхдийн байцаагчид мэдээллэсэн.

Аймгийн ЭМГ-аас зохион байгуулсан “Эх хүүхдийн эрүүл мэнд” аймгийн зөвлөгөөнд оролцож “Хүүхэд хамгаалал, хүүхдийг аливаа хүчирхийллээс сэргийлэх арга зам, хэрхэн хамтарч ажиллах” талаар мэдээлэл хийж харилцан санал солилцлоо.

Хүүхдийн хөгжил, оролцооны чиглэлээр:

Говьсүмбэр аймгийн Хүүхэд гэр бүлийн хөгжлийн хэлтсийн вейб сайтыг хэвийн ажиллагаанд оруулан, байгууллагын фэйсбүүк хуудсанд үйл ажиллагааны мэдээ, мэдээллийг тогтмол оруулан ажиллаж байна.

Уул уурхайн жишиг сургууль Политехник коллеж, Германы Олон Улсын Хамтын Ажиллагааны Нийгэмлэг, ХГБХХ болон холбогдох бусад байгууллагууд хамтран ЕБС-ийн охид эмэгтэйчүүдэд техникийн боловсрол, мэргэжлийн чиг баримжаа олгох зорилгоор GIRLS DAY буюу ОХИДЫН ӨДӨРЛӨГ-ийг зохион байгуулсан.

Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын Засаг даргын нэрэмжит Шатрын аварга шалгаруулах тэмцээнийг 2016.01.09-ний өдөр Хүүхэд гэр бүлийн хөгжлийн хэлтэс сүмбэр сумын ЗДТГ-тай хамтран зохион байгуулсан ба шалгарсан хүүхдүүд Монгол улсын аварга, шатрын спортын мастер, Монголын Хүүхдийн Ордны Н.ТӨРБАТ агсны нэрэмжит өсвөрийн шатарчдын улсын аварга шалгаруулах ЦОДГОР ХҮҮ 2016 тэмцээнд аймгаа төлөөлөн оролцох эрх авч 6-7 насны эрэгтэй төрөлд Х.Элбэгбаяр, эмэгтэй төрөлд Ө.Зулаа, 8-9 насны эрэгтэй төрөлд Н.Эрхэмбаяр, эмэгтэй төрөлд Г.Энхмаа, 10-11 насны эрэгтэй төрөлд Н.Мөнгөнсувд нар оролцохоор боллоо.

  • Нийтлэлийг түгээх :
  • Үзсэн : 10
Аудитын зөвлөмж
Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн хэлтсийн 02-р сарын үйл ажиллагааны тайлан

Сэтгэгдэлгүй