2021 оны 05 сарын 07 1:51 am минут.

2020 ОНЫ ОНЦЛОХ ХҮҮХЭД ШАЛГАРУУЛАХ АРГА ХЭМЖЭЭ

Аймгийн Засаг даргын тамгын газар, Дэлхийн Зөн Бор-Өндөр1 ОНХ-тэй хамтран Хүүхдийн хөгжил, нийгмийн амьдралд оролцох оролцоо, авьяас чадвар ололт амжилт, хичээл зүтгэл, урлаг, спорт, сурлагын төрөлд амжилт гаргасан хүүхдүүдийг урамшуулах, алдаршуулах зорилготой “2020 ОНЫ ОНЦЛОХ ХҮҮХЭД” шалгаруулах нэгдсэн арга хэмжээг амжилттай зохион байгууллаа.
Тус арга хэмжээнд Аймгийн хүүхдийн төлөө зөвлөлийн тэргүүн бөгөөд аймгийн Засаг дарга Г.Батзам, Аймгийн ИТХ-ын дарга Ш.Билэггүмбэрэл, Нийгмийн бодлогын хэлтсийн дарга С.Уранцэцэг, Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газрын дарга Ц.Оюунбилэг, Дэлхийн зөн ОУБ-ийн менежер Б.Оюунтуул, ЕБ 2-р сургуулийн захирал О.Базарбаатар, 5-р сургуулийн захирал Э.Одгэрэл нар оролцсон. Аймгийн “2020 ОНЫ ОНЦЛОХ ХҮҮХЭД-үүдийг 9 номинацийн хүрээнд 12 хүүхэд, 2 багш, 20 тамирчин, АХНЗ-ийн сурагчид нийт 50 гаруй хүүхдүүдийг шалгаруулж шагнаж урамшуулсан.
👉“2020 ОНЫ ОНЦЛОХ ХҮҮХЭД”-ээр
✅СУРЛАГЫН АМЖИЛТ ТӨРӨЛД: 2 дугаар сургуулийн 12б ангийн сурагч РЕНЧИНДОРЖ ОВОГТОЙ ЭНХЗАЯА
ГАРГАСАН АМЖИЛТУУДААС ТОВЧХОН ДУРЬДВАЛ: “HIPPO” олон улсын англи хэлний олимпиадын комиссоос олон улсын хэмжээнд зохион байгуулсан англи хэлний эссэ бичлэгийн уралдаанд “1-р байр”, Аймгийн англи хэлний олимпиад, spelling bee, орос хэлний олимпиад, аймгийн төрөлжсөн олимпиадын 2-ын даваанд англи хэл, мэдээлэл технологи, химийн хичээлийн төрлөөр тогтмол “1-3 дугаар байр” Сурагч Р.Энхзаяа нь 11 жил дарааллан “A” үнэлгээтэй суралцсан. “12б” ангийн “ТЭРГҮҮН”-ий сурагч юм.
✅СУРЛАГЫН АМЖИЛТ ТӨРӨЛД: 5 дугаар сургуулийн 12б ангийн сурагч МӨНХБАЯР ОВОГТОЙ ӨНӨРЗАЯА
ГАРГАСАН АМЖИЛТУУДААС ТОВЧХОН ДУРЬДВАЛ: Эх оронч үзэл, үндэсний аюулгүй байдлын баталгаа сэдэвт улсын эссэ бичлэгийн уралдаанд “Тусгай байр”, Flex олон улсын сурагч солилцооны хөтөлбөрийн финалын шатны оролцогч, Монголын оюун ухааны академи болон faro төвийн Power Vocabulary 600 хөтөлбөрийн төгсөгч, Англи хэлний level3a сертификаттай. Сурагч М.Өнөрзаяа нь 11жил дарааллан “A” үнэлгээтэй суралцсан. “12б” ангийн “ТЭРГҮҮН”-ий сурагч юм.
✅УРЛАГ, УРАН БҮТЭЭЛ ТӨРӨЛД: 5 дугаар сургуулийн 9в ангийн сурагч ТӨРТОГТОХ ОВОГТОЙ ЭНХМАА
ГАРГАСАН АМЖИЛТУУДААС ТОВЧХОН ДУРЬДВАЛ: Боржигин морин хуур, уртын дууны бүсийн уралдааны боржигин уртын дуу төрөлд “Дэд байр”, Гийнгоо улсын цахим уралдаанд “Дэд байр”, морин хуур хүүхдин дууг хэн сайн дуулах вэ улсын цахим уралдаанд “Тусгай байр”, Суралцагч Т.Энхмаа нь дуулах авьяастай, дууны клип бүтээн олны хүртээл болгосон. Боржигин уртын дууг өвлөн авч, аймаг, бүс, улсын хэмжээнд түгээн дэлгэрүүлж буй “АВЬЯАСЛАГ” сурагч юм.
✅УРЛАГ, УРАН БҮТЭЭЛ ТӨРӨЛД: 2 дугаар сургуулийн 5а ангийн сурагч ЭРДЭНЭТОГТООЛ ОВОГТОЙ ЭГШИГЛЭН
ГАРГАСАН АМЖИЛТУУДААС ТОВЧХОН ДУРЬДВАЛ: Суралцагч Э.Эгшиглэн нь Хур продакшинтай хамтран “Egga” хамтлагийг байгуулан, “Туйлын туяа”, “Старт” гэх 2 дууны клипыг хийн олны хүртээл болгосон мөн томоохон баяр ёслолын тэмцээнд тогтмол дуулж оролцдог “АВЬЯАСЛАГ” сурагч юм.
✅БИЕИЙН ТАМИР, СПОРТ, БИЕ БЯЛДАРЫН ХӨГЖИЛ ТӨРӨЛД: 5 дугаар сургуулийн 12б ангийн сурагч МӨНХ-ӨЛЗИЙ ОВОГТОЙ ЧИНХУТАГ
ГАРГАСАН АМЖИЛТУУДААС ТОВЧХОН ДУРЬДВАЛ: 2020 Онд сагсан бөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах ур чадварын тэмцээнд тэргүүн байр эзэлж дэлхийн аварга болсон төдийгүй, улсын аварга шалгаруулах тэмцээнд “1-р байр”, fiba skill challenge 2020 тэмцээнээс “1-р байр” эзэлсэн. Сурагч М.Чинхутаг нь олон улс, улс бүс аймгийн тэмцээнд үргэлж манлайлж, шилдэг нь байж, аймаг орон нутгийнхаа нэр хүндийг өндөрт өргөж яваа ирээдүйтэй “ТАМИРЧИН” юм.
✅БИЕИЙН ТАМИР, СПОРТ, БИЕ БЯЛДАРЫН ХӨГЖИЛ ТӨРӨЛД: 5 дугаар сургуулийн 9а ангийн сурагч ЖАВХЛАНБАЯР ОВОГТОЙ БАЯРЦОГТ
ГАРГАСАН АМЖИЛТУУДААС ТОВЧХОН ДУРЬДВАЛ: Өсвөр үе идэрчүүдийн усан сэлэлтийн улсын аварга шалгаруулах тэмцээнээс 50м далайн гахай сэлэлтээр 3-р байр, 200м араар даллах сэлэлтээр “3-р байр”, улсын аварга шалгаруулах тэмцээний 100м далайн гахайн сэлэлтээр 1мин 4сек амжилт гаргаж “2-р байр” эзлэн Монгол улсын спортын “ДЭД МАСТЕР”-ийн болзол хангасан. Улсын аварга шалгаруулах тэмцээний 200м далайн гахай сэлэлтээр “2-р байр” эзэлсэн амжилттай өсөх ирээдүйтэй “ТАМИРЧИН” юм.
✅БИЕИЙН ТАМИР, СПОРТ, БИЕ БЯЛДАРЫН ХӨГЖИЛ ТӨРӨЛД: 1 дүгээр сургуулийн 10б ангийн сурагч ОДОНБАЯР ОВОГТОЙ ПҮРЭВБААТАР
ГАРГАСАН АМЖИЛТУУДААС ТОВЧХОН ДУРЬДВАЛ: 2020 оны улсын аварга шалгаруулах ЖУДО бөхийн тэмцээнээс “Тэргүүн байр”, 2020 онд аймгийн жудо бөхийн “Шилдэг тамирчин”, зүүн бүсийн аварга шалгаруулах тэмцээнээс “Дэд байр”. О.Пүрэвбаатар нь үе тэнгийнхэндээ үлгэр жишээ болсон “СПОРТЛОГ” сурагч юм.
✅ХҮМҮҮНЛЭГ ЭНЭРЭНГҮЙ САЙН ҮЙЛС ТӨРӨЛД: 5 дугаар сургуулийн 12б ангийн сурагч ЭРДЭНЭБААТАР ОВОГТОЙ ХҮСЛЭН
Сурагч Э.Хүслэн нь сургууль, аймгийн хэмжээнд өрх толгойлсон ээжүүд, эрсдэлт нөхцөлд амьдардаг хүүхдүүд болон өндөр настан ахмадуудад өөрийн удирдан ажиллуулдаг оролцооны бүлэг болон ангийн хүүхдүүдтэй хамтран жил бүр тогтмол сайн үйлсийн сайн дурын үйл ажиллагаануудыг амжилттай зохион байгуулсан “МАНЛАЙЛАГЧ” сурагч юм. “Хүүхэд бүр тоглох эрхтэй аян”, “Гар утасны хор нөлөө” сургалт, “Сайн найз өдөрлөг”, “Дархлаа аян”, “Цэцэрлэгийн багшдаа тусалъя өдөрлөг”, Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газрын дэргэдэх “Өсвөрийн сэтгүүлч” клубээр дамжуулан багшийн зөвлөгөө цуврал нэвтрүүлэг зэргийг амжилттай санаачлан зохион байгуулжээ.
✅ЭХ ОРНЫ ТҮҮХ, СОЁЛ ӨВ УЛАМЖЛАЛ ТӨРӨЛД : 5 дугаар сургуулийн 12а ангийн сурагч ЭРДЭНЭБАЯР ОВОГТОЙ БЯМБАСҮРЭН
Э.Бямбасүрэн нь уран бичиг бичих арга барилд суралцан бүтээлч сэтгэлгээгээ хөгжүүлж, тогтмол үзэсгэлэн гаргаж өөрийн урын сандаа 100 гаруй бүтээл урлан, сургууль, аймаг, бүс, улсын чанартай 50 гаруй уралдаан тэмцээнд амжилттай оролцож байгаа “ТЭРГҮҮН”-ий сурагч юм.
ГАРГАСАН АМЖИЛТУУДААС ТОВЧХОН ДУРЬДВАЛ: МУГБ Н.Түмэн¬-Өлзийн нэрэмжит Монгол бичиг мину олимпиадад “Тэргүүн байр”, Миний эх орон улсын эссэ бичлэгийн уралдаанд “Дэд байр”, Ховд аймгаас зохион байгуулсан сайхан бичигтэн цахим уралдаанд “3-р байр”. Аймгийн сайхан бичигтэн уралдаанд удаа дарааллан шагналт байранд шалгарсан.
✅ЭХ ОРНЫ ТҮҮХ, СОЁЛ ӨВ УЛАМЖЛАЛ ТӨРӨЛД: 2 дугаар сургуулийн 10а ангийн сурагч ЭНХТАЙВНЫ ХУЛАН
ГАРГАСАН АМЖИЛТУУДААС ТОВЧХОН ДУРЬДВАЛ: Нийслэлийн гар зургийн 10-р олимпиадын авьяаслаг хүүхэд 5-р зэргийн “Батламж”, Япон улсаас 24 орны дунд зарласан гар зургийн уралдаанд Миний 5 өдөр зургаар “Гран-при” шагнал, япон улсын Канагаво мужийн уран зураачдын холбооны шагнал.
✅ХҮҮХДИЙН ӨӨРИЙН УДИРДЛАГЫН БАЙГУУЛЛАГА ТӨРӨЛД: 2 дугаар сургуулийн 12б ангийн сурагч ОЧИРХУЯГ ОВОГТОЙ СОЁЛМАА
Сурагч О.Соёлмаа нь аймгийн хүүхдийн нэгдсэн зөвлөлд гишүүнээр 3 жил аймгийн хүүхдийн нэгдсэн зөвлөлийн “ТЭРГҮҮН”-ээр 3 жил ажиллаж байна. 2-р сургуулийн сурагчдын өөрөө удирдах байгууллагын “ТЭРГҮҮН” юм.
ГАРГАСАН АМЖИЛТУУДААС ТОВЧХОН ДУРЬДВАЛ: Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газрын “Шилдэг хүүхэд” алтан медаль, улсын “Алтан цом”, “Уянгын хэлхээ”, “Уран эгшиг”, “Монголын хүүхдийн урлагийн их наадам” зэрэг уралдаануудад гоцлол хөгжмийн төрөлд “1, 2, 3-р байр”, Оюуны давалгаа-8 улсын илтгэлийн тэмцээний “Шилдэг оролцогч”, 11 жил дарааллан “А” үнэлгээтэй суралцсан төдийгүй улс, аймгийн эссэ бичлэг, олимдиадуудад тогтмол шагналт байр эзэлсэн байна.
✅БАЙГАЛЬ ХАМГААЛАЛ, ЭРҮҮЛ АЮУЛГҮЙ ОРЧИН ТӨРӨЛД: 5 дугаар сургуулийн 10б ангийн сурагч БИЛЭГСҮМБЭРЭЛ ОВОГТОЙ ҮҮРЦАЙХ
Сурагч Б. Үүрцайх нь “Залуу байгальч” клубыг манлайлан ажилладаг, өрх бүрт өсвөрийн байгаль хамгаалагч бэлтгэх, байгаль хамгаалах үйлсэд хүүхэд залуучуудын оролцоог нэмэгдүүлэх, байгальд ээлтэй уламжлалт ёс заншлаа дээдэлсэн зөв дадлыг өсвөр залуу үед төлөвшүүлэх үйл ажиллагааг үе шаттай зохион байгуулсан.
Түүний зохион байгуулсан үйл ажиллагаанаас ТОВЧХОН ДУРЬДВАЛ: Эко ногоон сургууль олон улсын хөтөлбөрт хамрагдсан, Ногоон паспорт хөтлөх улсын уралдааны “Шилдэг оролцогч”, Хоггүй цэвэрхэн монгол аяны хүрээнд зохион байгуулсан уралдаанд “3-р байр”, Хог хаягдлыг газар дээр нь ангилан ялгах ач холбогдол, Хаягдал зай хураагуур цуглуулахын ач тус, цэцэг арчлах ургуулах зэрэг олон олон сургалтуудыг амжилттай зохион байгуулсан “ШИЛДЭГ” сурагч юм.
✅2020 ОНЫ ОНЦЛОХ БАГШ, БАГИЙН АМЖИЛТ НОМИНАЦАД: 5 ДУГААР СУРГУУЛИЙН Э.ЭРХЭМБААТАР ДАСГАЛЖУУЛАГЧТАЙ ЭНХМӨНХ АХЛАГЧТАЙ “ХӨЛ БӨМБӨГ”-ИЙН ЭРЭГТЭЙ БАГИЙН ТАМИРЧИД
Тус баг нь аймаг, улс, олон улсын уралдаан тэмцээнд удаа дарааллан шагналт байруудад шалгарч, өөрсдийн багийн амжилтыг ахиулж байна. Багийн гаргасан амжилтаас дурдвал: Улсын аварга шалгаруулах “Хөвгүүдийн цом 2020” тэмцээнд тэргүүн байр, аймгийн хөл бөмбөгийн футзалны аварга шалгаруулах тэмцээн 3 алт, 3 мөнгө, 1 хүрэл хүртэж багийн дүнгээр “Тэргүүн байр”, “Үндэсний цом 2020” насанд хүрэгчдийн улсын аварга шалгаруулах тэмцээнд “2-р байр”, багийн ахлагч Энхмөнх “Шилдэг тоглогч”-оор тус тус шалгарсан байна.
✅2020 ОНЫ ОНЦЛОХ БАГШ, БАГИЙН АМЖИЛТ НОМИНАЦАД ГАНБААТАР ДАСГАЛЖУУЛАГЧТАЙ “САНСАР ХАЙРХАН” ШИРЭЭНИЙ ТЕННИСНИЙ КЛУБЫН ТАМИРЧИД
“Зүүн бүсийн аймгуудын аварга шалгаруулах ширээний теннисний тэмцээн”-д “Сансар хайрхан” клубын 28 тамирчин, 2 дасгалжуулагч багшийн бүрэлдэхүүнтэй баг “Алтан медаль” 14, “Мөнгөн медаль” 7, “Хүрэл медаль” 2 тус тус хүртэж амжилттай оролцсон бөгөөд “Багийн төрөлд” 1, 2-р байр эзэлсэн амжилтуудыг гаргасан байна.
Нийт хүүхэд, багачууддаа цаашдынх нь сурлага, урлаг, спортод нь өндөр амжилтыг хүсэн ерөөе!
ГЭР БҮЛ, ХҮҮХЭД,ЗАЛУУЧУУДЫН ХӨГЖЛИЙН ГАЗАР.

  • Нийтлэлийг түгээх :
  • Үзсэн : 89
ЦАР ТАХЛЫН ҮЕД БИД ГЭРТЭЭ ЦАХИМ УРАЛДААН

Сэтгэгдэлгүй