16933464_1315116605220743_1075651570_n

 

     Гэр бүл, хүүхэд, залуучуудын сайн сайхны төлөө хамтран ажилладаг байгууллага, хамт олон, иргэд хүүхэд залуучууд та бүхэндээ Говьсүмбэр аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын хамт олны чин сэтгэлийн халуун мэндчилгээг хүргэж байна.

 

   Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар нь үндсэн чиг үүргийнхээ хүрээнд орон нутгийн түвшинд гэр бүлийн хөгжил, тогтвортой байдлыг дэмжих, амьдралын чанарыг сайжруулах болон хүүхдийн эрх, хөгжил хамгаалал, залуучуудын хөгжил, нийгмийн оролцоог дэмжихэд чиглэсэн хууль тогтоомжийг биелүүлэхийн төлөө хамтын ажиллагаа түншлэлийг эрхэмлэн төр болон олон улсын байгууллагатай идэвхтэй хамтран ажилаж байгаа билээ. Цаашид ч бид хүүхэд гэр бүл залуучуудын талаархи төрийн бодлого, хууль тогтоомж, тушаал шийдвэрийг хангах сурталчлах ажлыг өргөн хүрээтэй хүртээмжтэй хийх болно.

 

    Өнөөдрийн байдлаар аймгийн нийт 16919 хүн амын 36,2  хувийг 0-18, 18-34 хүртэлх  насны өсвөр үе залуучууд эзэлж байгаа бөгөөд нийт 5189 өрхөд 6270 хүүхэд өсөж торнин хүмүүжиж байна. Үүнээс харахад Говьсүмбэр аймаг нь харьцангуй залуу бүтэцтэй аймаг бөгөөд аймгийн хөгжлийн бодлогын төвд хүүхэд залуучууд онцгой байр суурийг эзэлж байгаа нь харагдаж байна.

 

   Залуучуудын эрүүл мэнд, өрсөлдөх чадвар бүхий МЭДЛЭГ БОЛОВСРОЛ, ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТ, НИЙГМИЙН ИДЭВХ ОРОЛЦОО, ХАРИУЦЛАГАТАЙ МАНЛАЙЛАЛ гэсэн 5 үзүүлэлтээр дэлхийн улс орнууд залуучуудынхаа хөгжлийг хэмжиж байна. Энэ индексээр 2016 оны байдлаар монголын залуучууд дэлхийн 183 орноос 71 дүгээр байрт эрэмблэгдэж байна. Дэлхийн залуучуудын хөгжлийн индексээр Монгол залуучуудын хөгжлийг хойш татаж байгаа 2 үзүүлэлт бол залуучуудын эрүүл мэнд, эзэмшсэн мэргэжил, олж авсан мэдлэгээ баяжуулан эрхэлж байгаа ажилдаа хэрэглэх, тогтвортой хөдөлмөр эрхлэх асуудал болоод байна. Бид ямар ирээдүйг хүсч байна тийм ирээдүйг орон нутаг, улсдаа бүтээж чадах залуучуудыг хөгжүүлж төлөвшүүлэхийн төлөө залуучуудтай хамтран ажиллах болно.

 

    Нэгдсэн Үндэстний Байгууллагаас гаргасан ‘’Хүүхдэд ээлтэй дэлхий ертөнц’’ тунхаглалыг Говьсүмбэр аймаг дэмжин ‘’Хүүхдэд ээлтэй аймаг’’ болохыг зорин ажиллаж байна. Энэхүү зорилгыг хэрэгжүүлэхийн төлөө бид хүлээсэн чиг үүргийнхээ дагуу нийгмийн хариуцлагатай түншлэлийг эрхэмлэн олон улсын байгууллага, төрийн болон төрийн бус байгууллага, эцэг эх, олон нийт, багш сурган хүмүүжүүлэгчид та бүхэнтэй идэвхтэй хамтран ажилаж байгаа билээ.

 

   Аймгийн нийт гэр бүл, хүүхэд залуучууд, та бүхэн маань 2018 ондоо хүсэл эрмэлзлэл, амжилт бүтээл дүүрэн байхыг хүсье.

 

 

Хүндэтгэсэн:Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын дарга Ц. Оюунбилэг