Монгол улсын Хүүхдийн эрхийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.1, Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.6 дэх заалтын хүрээнд хүүхдийн хөгжих, оролцох эрхийг хангах, тэдний авьяас чадварыг хүүхэд, багачуудад, эцэг эх, иргэд олон нийтэд танилцуулах, урамшуулах, хүүхдийг аливаа төрлийн хүчирхийлэлд өртөхөөс урьдчилан сэргийлэх соён гэгээрүүлэх зорилгоор “НЭГДҮГЭЭРТ ХҮҮХЭД” уриан дор олон улсын “Хүүхдийн эрхийг хамгаалах өдөр”-ийн арга хэмжээг аймгийн хэмжээнд аймгийн ЗДТГ, ГБХЗХГ, СУГ, БШУГ, БТСГ, Дуу бүжгийн Боржигин чуулга, Боржигин өв музей, Цагдаагийн хэлтэс, Мэргэжлийн хяналтын газар, Тохижилт Сүмбэр ОНӨААТҮГ нар хамтран зохион байгууллаа.
Хүүхдийн баярын арга хэмжээг нээж аймгийн Засаг дарга Г.Батзам хүүхэд, залуучууд, эцэг эхчүүдэдээ хандан мэндчилгээ дэвшүүлж хүүхэд бүр хайрлагдан хамгаалагдсан, эрүүл чийрэг, эх орныхоо хөгжлийн түүчээ нь болсон иргэн болоход эцэг эх хүн бүрийн оролцоо хувь нэмэр асар их болохыг торхойлон хэлсэн юм.
Баярын хүрээнд дараах арга хэмжээнүүд зохион байгуулагдлаа:
– Эхийн алдар 1, 2-р одонтой ээжүүдийн хүндэтгэлийн парад алхалт
– Аймаг, улс, бүс, олон улсын тэмцээнд амжилт гаргасан сурлага, урлаг, спортын амжилт гаргасан шилдэг сурагч, хүүхдүүдийн парад алхалт
– Үлгэрийн баатруудын мэндчилгээ
– Аймгийн хүүхдийн урлагийн нэгдсэн тоглолт
– Дугуйн уралдаан
– 3х3 сагсан бөмбөгийн тэмцээн
– Мини хөл бөмбөгийн тэмцээн
– Гар зургийн уралдаан
– Азын бөмбөг тэмцээн
– Хүүхдийн бөхийн барилдаан
– Монгол наадгай шагайн тоглоом
– Хүүхдийн “Сээр хугалах” тэмцээн зэрэг уралдаанууд зохион байгуулагдаж тэмцээн уралдаанд нийт 700 орчим хүүхдүүд оролцож шагналт байранд шалгарсан хүүхдүүдэд АЗДТГ, ГБХЗХГ-аас бэлэг гардуулан урамшуулсан юм.
Мөн баярын арга хэмжээний хүрээнд хүүхэд залуусын дуу хоолойг сонсох, авьяас чадварыг нээн хөгжүүлэх зорилгоор чөлөөт тайз “Open mic-cover night” арга хэмжээг зохион байгуулж нийт 42 ковер дуучин хүүхэд, залуус оролцож дуу хоолойгоо хүргэсэн.
Олон улсын “Хүүхдийн эрхийг хамгаалах өдөр”-ийн арга хэмжээнд оролцон нийт хүүхэд багачууд, эцэг эхчүүд та бүхэндээ аз жаргал, эрүүл энхийг хүсэж, ХҮҮХЭД БҮР ХАЙРЛАГДАЖ, ХАМГААЛАГДАЖ, ИНЭЭД ХӨӨРӨӨР ДҮҮРЭН БАЙХ БОЛТУГАЙ.





