Монгол улсын “Иргэний андгай өргөх ёслол”-ын үйл ажиллагаа

93
Бүгд найрамдах улсыг тунхаглан, анхдугаар үндсэн хуулиа баталсан түүхэн өдрийг угтан Жил бүрийн 11 дүгээр сарын 26-ны өдөр Монгол Улсын Ерөнхий сайдын ивээл дор 19 дэх жилдээ зохион байгуулагдаж буй “Иргэний андгай өргөх ёслол”-ын үйл ажиллагааг үндэсний хэмжээнд Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, Монголын Залуучуудын холбоо нар хамтран зохион байгуулж байна.
Энэхүү үйл ажиллагаа нь өсвөр үе, залуучуудыг түүх соёлоо дээдэлсэн, эх оронч үзэлтэй, үүрэг хариуцлагаа ухамсарласан иргэн болгон төлөвшүүлэх зорилгоор 16 нас хүрч Монгол Улсын иргэний үнэмлэх авч буй аймгийн хэмжээнд сурлага, хөдөлмөр, урлаг спортоороо тэргүүлж, амжилттай суралцаж буй сурагчдыг алдаршуулан, “Иргэний андгай” өргүүлэн, иргэний үнэмлэхийг батламжийн хамт гардуулдаг билээ.
Энэ жил манай аймгийн хувьд 16 нас хүрч иргэний үнэмлэхээ авч буй 150 залуус байна. Иргэний андгай өргөх ёслолын арга хэмжээнд 16 настнуудын төлөөлөл 70 хүүхдүүд оролцон сурлага, хөдөлмөр, урлаг спортоороо тэргүүлж, амжилттай суралцаж буй 20 сурагч “ИРГЭНИЙ АНДГАЙ” өргөн “ИРГЭНИЙ ҮНЭМЛЭХ” болон “БАТЛАМЖ”-аа аймгийн удирдлагуудаас гардан авсан юм.
Уг арга хэмжээнд аймгийн Засаг дарга Г.Батзам, ГБХЗХГ-ын дарга Ц.Оюунбилэг, Улсын бүртгэлийн хэлтсийн дарга Ж.Адилбиш, Говьсүмбэр аймаг дахь Залуучуудын холбооны тэргүүн Б.Наранбаатар, Говьсүмбэр аймгийн Хүүхдийн элч Д.Оюунтуул нар оролцон 16 настнуудадаа мэндчилгээ дэвшүүлэн амжилт хүсч иргэний үнэмлэх, батламжийг гардуулсан юм.
Мөн хүүхэд залуустаа эх оронч байх, эх орноороо бахархах, омогших, Монгол хүний үнэ цэнэ, бахархалыг сануулсан “ТУСГААР ТОГТНОЛ-МЭРГЭЖИЛТ СОНГОЛТ” сэдэвт илтгэлийг “Эерэг тэмүүлэл” ТББ-ын Говьсүмбэр аймаг дахь сургагч багш Э.Даваадорж танилцуулсан юм.
Мөн Төв ази олон улсын өргөмжлөлт, туульч, ерөөлч, магтаалч МУГЖ Х.Цэрэнчимэдийн нэрэмжит #Язгуур_урлагийн_улсын_цахим уралдааны Тэргүүн байрны шагнал хүртсэн Д.Энхтулга багштай “Боржигин шуранхай” хамтлагагийн хүүхдүүд аймгийн удирдлагуудаас өнөөдөр шагналаа гардан авлаа.
Монгол Улсын Иргэний үнэмлэхээ гардан авсан нийт залуустаа цаашдын сурлага, хөдөлмөрт нь амжилт хүсч, Монгол эх орныхоо ирээдүйн хөгжил цэцэглэлтэд хувь нэмэр оруулсан, чин шударга, хүнлэг, энэрэнгүй, хөдөлмөрч, хичээнгүй иргэн байхыг хүсье.
Арга хэмжээнд дэмжлэг үзүүлэн ажилласан ДЗОУБ-ын Бор-Өндөр 1 ОНХ-ийн хамт олонд талархсанаа илэрхийлье.